Сумын товч танилцуулга

Хэнтий аймгийн Норовлин сум нь 1924 оны 8 дугаар сард байгуулагдсан. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 05-р тогтоол, БНМАУ-ын Ардын сайдын зөвлөлийн 1931 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2-р тогтоолоор засаг захиргааны хоёр дахь өөрчлөлт хийсэн байна. Үүний дагуу 1932 онд хошуудыг сум, баг болгон зохион байгуулж албан ёсоор Норовлин сум гэж нэрлэх болжээ. Тэр үед Норовлин сум нь 3 баг, 752 өрх, 2145 хүн ам, 62941 толгой малтай байв. Мөнххаан уулын харьяанд 1924 онд Дэлгэрчандмань нэртэй байгуулагдсан Норовлин сум одоогийн нутгийн жинхэнэ зохион байгуулалтад орсон байна. Тэр үеийн нөхцөл байдал, ард иргэдийн нүүдэл суурьшил, цаг агаарын байдал зэргээс шалтгаалж сумын захиргаа нь албаны гэр буюу тайны, өртөөний гэр зэрэг гол төлөв 2 гэрээр одоогийн Ангирт багийн нутаг Буянтын булаг, Ангиртын суурин байсан газруудаар нүүдэллэн байгаад 1937 оны эхэнд Есөн хүний энгэр Агуйтад төвлөрчээ.
Норовлин сум нь Хэнтий нурууны тайгын мужийн Улз голын савын ойт хээр, хээрийн тойрогт нутгийн дийлэнх буюу хойд хэсэг хамрагддаг байна. Зүүн урд хэсэг нь Дундад халхын болон Дорнод монголын талархаг хээрийн мужийн Хэрлэн голын хот, Хөх нуурын орчмын тойрогт багтдаг.

2022-04-23 15:25:54