Норовлин сумын ЕБСургууль нь анх 1937 онд Норовлин сумын нутаг “Есөн хүний агуйт” гэдэг газар сумын захиргааны дэргэд “Танхимын бага сургууль” нэртэй эсгий гэртэй 10 гаруй сурагчтай байгуулагдаж байжээ.
1939 онд одоогийн сургуулийн эхлэл тавигдаж тухайн оны 8 дугаар сард “Ардын бага сургууль” нэртэйгээр Б.Ядамсүрэн захиралтай 34 хүүхэдтэй, 5 багш ажилчидтайгаар эхэлж байсан түүхтэй.
“Ардын бага сургууль” нэртэйгээр хичээлийн жилээ эхэлснээс хойш эдүгээ хүртэл ажиллахдаа,
1973 он хүртэл бага сургууль, 1973-1974 оны хичээлийн жилээс эхлэн 8 жилийн сургууль, 1991-1994 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль болж 3 удаагийн төгсөлт хийж 1995 онд Монгол улсын төрийн шагналт, Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн нэрэмжит 8 жилийн сургууль, 2005-2006 оны хичээлийн жилээс 9 жилийн сургууль болж 84 удаагийн төгсөлтөөр 2451 сурагчдад суурь боловсрол эзэмшүүлээд байна. 2018 онд аймгийн Тэргүүний сургуулиар шалгарсан.
Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” А/451 дүгээр захирамжаар 12 жилийн тогтолцоонд шилжин үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Манай сургууль нь дотуур байр, хичээлийн байр, албан бус боловсролын байр, спорт заал гэсэн 4 объекттой. ЕБС-ийн байрны хүчин чадал 320 сурагч, Дотуур байр 80 сурагч хүлээн авах боломжтой. Гүний 1 худагтай, Сургуулийн хичээлийн байр нь цэвэр ус болон цахилгаан дулааны нэгдсэн шугаманд холбогдсон.
Тус сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд 1 удирдах ажилтан, бага боловсролын 10 багш, суурь, бүрэн дунд боловсролын 14 багш, үйлчилгээний 15 ажилтан, нийт 40 албан хаагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
2021-2022 оны хичээлийн жилд бага ангийн 10 бүлэгт 280 сурагч, дунд ангийн 5 бүлэгт 171 сурагч, ахлах ангийн 2 бүлэгт 49 сурагч нийт 500 суралцагч төгссөн байна.
2022-2023 оны хичээлийн жилд 42 багш, ажилтан 576 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлж байна.
2022-06-26 11:58:03