НОРОВЛИН СУМЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТҮҮНИЙ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТАНИЛЦУУЛГА

Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын үүсэл хөгжил нь 1951 онд БНМАУ-ын хэмжээнд Ардын Депутатуудын Анхдугаар сонгууль 6-р сард зохион байгуулагдаж, улмаар 10-р сард орон нутгийн Засаг захиргааг шинэ системээр буюу АДХ-ын сонгууль болж, Лхамын Очир, Халзангийн Чулуун, Нэргүйн Авирмэд нарын тэргүүтэй 30 хүнийг санал нэгтэй сонгосон байна. Ийнхүү Засаг захиргааны шинэ сонгуулиар сумын Гүйцэтгэх захиргааны даргаар Лхамын Очир, нарийн бичгийн даргаар Халзангийн Чулуун нарыг сонгож баталсан нь эдүгээ цагийн Нутгийн  өөрөө удирдах байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал засаг захиргааны анхан шатны нэгж болох эхлэл нь тавигдсан гэж үздэг билээ. Манай сумын хурлын үе шат нь ...Эрдэнэ засгийн хошууны хурал, Мөнх хаан уулын хошууны Ардын хурал, Бригадын хурал, сумын Ардын Депутатын хурал, Багийн Иргэдийн Нийтийн хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэсэн түүхэн хөгжилтэй явж ирсэн байдаг.

1921 он Ардын хувьсгал ялж улс орныхоо тусгаар тогтнолыг олж аван бие даасан улс орноо батлан хамгаалах, улмаар Анхдугаар үндсэн хуулиа боловсруулан 1924 онд баталсан нь улс нийгмийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн явдал болсон бөгөөд тэртээгээс эдүгээ цагт бид 1940, 1960, 1992 онуудад шинэчлэгдэн батлагдсан үндсэн хуулиудын хүрээнд аж төрөн амьдран, ажиллаж хөдөлмөрлөж байна.

Ийнхүү үндсэн орчин цагийн хөгжлийн нөлөөгөөр шинэ удирдлага, шинэ сонгуулийн систем 1951 онд хэрэгжиж 1992 оныг хүртэлх хугацаанд АДХ-ын ... удаагийн сонгууль явагдаж, тухайн үедээ шилдэг ажилчин, сэхээтэн, удирдагч нараасаа сонгон, улс орныхоо хөгжлийг хурдасгах, хүн ардаа соёлжуулах, үйлдвэр компинатуудыг шинээр бүтээн босгох, улс орныг хоршоолох, атар газрыг эзэмших зэрэг нийгэм эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг бий болгох их үйлсэд орон нутгаа төлөөлж сонгогдсон төлөөлөгчид ажиллаж ирсэн билээ.

1990 он  ардчилсан хувьсгал Монгол оронд өрнөж түүний улмаас нийгэм бүхэлдээ задарч төрийн шинэ тогтолцоо, засаглал, удирдах дээд байгууллагын өөрчлөлтийн хүрээнд 1992 онд Улсын Их Хурлын Анхдугаар сонгууль болж 4 дэх үндсэн хуулиа шинэчлэн баталж, улс орон бүхэлдээ ардчилсан засаглалд шилжсэн билээ. Сумын ИТХурал нь 1992 оны 10 сард шинэ сонгуулийн системийн дагуу зохион байгуулалтанд орж, анхны сонгуулиа зохион байгуулж 25 төлөөлөгч сонгогдож, анхны даргаар Ш. Өлзийхутаг, нарийн бичгийн даргаар Л. Даваадорж нарыг сонгон баталж байжээ. Ийнхүү шинэ цагийн нутгийн өөрөө удирдах байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүссэн түүхтэй билээ.

2022-03-16 12:15:35